2019 оны 4 сараас шинээр хэрэгжиж буй”Токүтэйгино”визний тухай/2019年4月1日より「特定技能」新たな外国人材の受入れが可能となるビザについて
2019 оны 4-р сараас Япон улсын засгийн газраас шинээр хэрэгжүүлэх гэж байгаа “ТОКҮТЭЙ ГИНО” виз нь олны анхаарлын төвд байгаа билээ.
Япон улсад ажиллах виз авахад хэд хэдэн том шалгуур байдаг ба энэхүү виз нь тэр шалгуураас тусдаа юм.
“ТОКҮТЭЙ ГИНО” визны бүх талын эрх зүйн асуудлууд шийдэгдэж , хамгийн сүүлд Монгол улсыг сонгосноор нийт 9 орны иргэдээс Япон улсад 350 мянга гаруй ажилчид оруулахаар болсон билээ.
Үүнтэй холбогдон энэ хуулийг хэрэгжүүлэхээр Япон болон Монголын компаниуд бэлтгэл ажилдаа аль хэдийн орцгоож эхэлжээ.
Ямар байгууллагаар үйлчлүүлэх нь таны хувийн сонголт боловч үнэн зөв мэдээлэлтэй байж дутуу дулимаг асуудал гаргахгүй байхад анхаарах нь чухал юм.
1. Гадаад иргэдийг өргөнөөр авч ажиллуулах салбарууд нь юу вэ?
1- р зэрэгт 14 төрлийн ажил,
2- р зэрэгт 2 төрлийн ажлын салбар хамаарагдах юм.
Оффисын ажилтны визний хүрээнээс тэлж, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боломжтой ажлууд олноор нэмэгдсэн.
ТОКҮТЭЙГИНО 1-р зэргийн визэнд хамаарагдах 14 төрлийн ажил
ТОКҮТЭЙГИНО 2-р зэргийн визэнд хамаарагдах 2 төрлийн ажил
① Барилгын салбар ②Хөлөг онгоц үйлдвэрлэл
(1-р зэргээс 12 төрлийн ажил хасагдаж байгаа юм.)
【Жич 】
1,2 аль ч зэргийн виз нь япон хэлний чадвар болон бусад шалгуураар иргэдийг сонгох бөгөөд 1-р зэргийн ТОКҮТЭЙГИНО визийг амжилттай хэрэгжүүлсэн иргэн дараагийн шалгалтанд тэнцсэнээр 2-р зэргийн визний зөвшөөрлийг авах боломжтой.
2-р зэрэг нь 2 төрлийн ажил хийх боломжтой бөгөөд 1-р зэрэгтээ тухайн 2-р зэргийн 2 төрлийн ажлаас бусад 12 төрлийн ажлаас аль нэгийг нь гүйцэтгэж байсан иргэн гэрээт хугацаагаа дуусгаад нутаг буцах шаардлагатай болно.
2.ТОКҮТЭЙГИНО 1,2-р зэргийн хоорондын ялгаа юу вэ?
Хамгийн том ялгаа бол ОРШИН СУУХ ХУГАЦАА юм.
1- р зэргийн виз нь хамгийн уртдаа 5 жилийн хугацаа, 2-р зэргийн визний хувьд тодорхой хязгааргүйгээр үргэлжлүүлэн сунгагдаад явах боломжтой учраас тухайн компаниас шалтгаалан тэтгэвэрт гарах хүртлээ ажиллах боломжтой бөгөөд явц дундаа гэр бүлээ урих эрхтэй болно.
Ялгаа харьцуулалт
【Жич тайлбар】
1- р зэрэг нь 5 жил хүртэлх хугацаанд ажиллаад нутаг буцах эсэх шийдэгдэх болзолтой учир гэр бүлтэйгээ оршин суух боломжгүй.
2- р зэргийн хувьд гэр бүлийн гишүүн нөхөр, эхнэр, хүүхэд хамаарагдах ба эцэг, эх , ахан дүүс хамаарагдахгүй болохыг анхаараарай.
3 Ямар шалгууртай вэ?
ТОКҮТЭЙГИНО виз 1-р зэргийн тухайд
Япон хэлний анхан болоод дунд шатны шалгалтанд тэнцсэн байх
Урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй болон эрх зүйн хувьд зөрчилгүй байх
Зөвхөн иргэний зүгээс бус хүлээн авагч компанийн хувьд мэдлэг, үйл ажиллагааны туршлага, гадаад иргэдийг ур чадварын дадлагад бэлтгэх орчинг бүрдүүлсэн байх
ТОКҮТЭЙГИНО виз 2-р зэргийн тухайд
1-р зэргийн хугацааг амжилттай дуусгах
2-р зэргийн шалгалтанд тэнцсэн байх
4 ТОКҮТЭЙГИНО ВИЗ болон гэрээт ажилчин болох УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ виз холбоотой юу?
Энэхүү 2 төрлийн визийг ижил төстэй хэмээн андуу бодох иргэд цөөнгүй байгаа ч хоорондоо огт хамааралгүй визнүүд юм.
ТОКҮТЭЙ ГИНО виз нь одоогийн КОМПАНИЙН ҮНДСЭН АЖИЛТАН гэх визтэй ижил эрх зүйн чадамжтай (Нийгмийн даатгал, тэтгэвэр, илүү цагийн систем бүрэн утгаараа хэрэгжинэ ) бөгөөд биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боломжтойгоороо ТОКҮТЭЙ ГИНО виз ялгагдана.
Харин гэрээт ажилчин буюу УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ болон ТОКҮТЭЙ ГИНО визний хамаарлын хувьд:
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ –ийн 2-р зэрэг болох 3-5 жилийн хугацааг амжилттай гүйцэтгэсэн
Дээр дурдсан ТОКҮТЭЙ ГИНО визний 14 төрөлд хамаарагдах ажлуудыг гүйцэтгэж ирсэн
ТОКҮТЭЙГИНО визний удахгүй хэрэгжих шалгалтанд тэнцсэн
гэх шалгууруудыг хангаж буй иргэн ➡ ТОКҮТЭЙГИНО визний 1-р зэрэг рүү хөрвөх боломжтойг сүүлд хуульчлан хүлээн зөвшөөрсөн юм.
Мэдээж үүнд хувь хүнээс гадна шилжүүлэн авах компанийн чадамжийг шалгуур болгох билээ.
(14 төрлийн ажлаас бусад ажлаар УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ-ийн хөтөлбөрөөр хөдөлмөр эрхэлж байсан бол ТОКҮТЭЙГИНО руу хөрвөх боломжгүй нутаг буцна гэсэн үг. )
5.Бусад визнээс ТОКҮТЭЙГИНО виз рүү шилжих болох боломж бий юү?
УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ –аас бусад виз /оюутан, компанийн ажилтан, гэр бүлийн виз зэрэг/-ээр Япон улсад оршин сууж буй иргэд ТОКҮТЭЙГИНО виз рүү хөрвөн шилжих боломж одоогийн байдлаар бүрэн утгаар шийдэгдээгүй байна.
Эх орноосоо шалгалт өгч тэнцсэн иргэн ТОКҮТЭЙГИНО визээр Япон улсад ирж ажиллана гэсэн үндсэн журамтай .
6.ТОКҮТЭЙГИНО визнээс байнгын иргэншилтэй болох боломж бий юү?
Япон улсын байнгын иргэншлийн ерөнхий шалгуур нь тасралтгүй 10 жилээс дээш хугацаанд Япон улсад оршин суусан байх явдал билээ.
Тэр утгаар ТОКҮТЭЙГИНО визний 1-р зэрэг (5 хүртэлх жил)-ээс 2-р зэрэг рүү шилжиж сунгах зарчмаар 10 жил хүргэсэн иргэн БАЙНГЫН ИРГЭНШИЛ-тэй болох БОЛОМЖТОЙ.
Мөн дээр дурдсан гэрээт ажилчин буюу УР ЧАДВАРЫН ДАДЛАГАЖИГЧ визээр ажиллаад ТОКҮТЭЙ ГИНО виз рүү шилжсэн тохиолдолд тэрхүү хугацааг ч байнгын иргэншлийн шалгуур 10 жилд нийлүүлэн тооцох ажээ.
7.ТОКҮТЭЙГИНО визтэй хүн явц дунд ажлаа солих боломжой юу?
Анх тэнцэж хуваарилагдсан тухайн салбарын хүрээнд ажлаа солих БОЛОМЖТОЙ юм.
Тухайлбал асаргаа сувилгааны салбарт ирсэн бол өөр асаргаа сувиллын компани руу шилжиж ажиллах боломжтой гэсэн үг.
Харин Асаргаа сувилгааны чиглэлээр ирсэн иргэн барилгын салбарын компани руу шилжин ажиллах боломжгүй.
8.ТОКҮТЭЙГИНО визний 1-р зэргээ дуусгаад 2- руу дэвшиж чадаагүй иргэн бусад виз рүү хөрвүүлж Япон улсад үлдэх боломжтой юу?
Харамсалтай нь энэ нь БОЛОМЖГҮЙ бөгөөд ТОКҮТЭЙГИНО визны дүрэм журам болон иргэдийг хүлээн авах компани, иргэн хоорондын гэрээнд ТОКҮТЭЙГИНО визны хугацаагаа дуусгаад нутаг буцах нөхцөл тусгагдсан.
Нутаг буцсаны дараа 6 сараас 1 жилийн дараах хугацаанд ахин виз мэдүүлэх боломжтой.
ЖИЧ :
Дээрх визны ангилал нь 4 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ба хүлээн авах компанийн зүгээс хууль дүрмээ сайтар ухамсарлаж ажилчдыг хүлээн авах орчинг тусгай шалгуурын дагуу бэлтгэх ёстой.
Мөн ТОКҮТЭЙ ГИНО виз хүсэгчдийг шалгах шалгалт 4 сарын 1-нээс хойш явагдах учир “ Шууд 4 сард Япон улсад ажиллахаар явна “ хэмээн андуу бүү бодоорой.
ТОКҮТЭЙ ГИНО-д зуучлах зар их байгаа учир тухайн компани нь гадаад иргэдийг ажилчнаар хүлээн авах зөвшөөрөл байгаа эсэх, үйл ажиллагааны цар хүрээг сайтар судалсны үндсэн дээр бүртгүүлж найдвартай газруудад хандаарай.
ТОКҮТЭЙ ГИНО визний 1-р зэрэгт хамрагдах иргэдэд хандаж “Хүлээн авах компани” болон түүнийг “ Бүртгэх байгууллага”-ын зүгээс илүү найдвартай хөтөлбөр болгон хэрэгжүүлэхийн тулд Япон улс дахь АМЬЖИРГАА, АЖИЛ, НИЙГМИЙН АМЬДРАЛ-ын талаар дараах дэмжлэгт үйл ажиллагааг явуулахаар төлөвлөгдөж байна.
Үүнд:
a. Япон улсад зорчихын өмнө ахуй амьдралын талаар зөвлөмж танилцуулга
b. Гадаад иргэдийн байр, орон сууцны найдвартай байдлын бодлого
c. Оршин суух хугацаан дахь амьжиргааны зөвлөгөө хөтөлбөр, семинар
d. Япон хэлний сургалт
e. Учирсан асуудалд хандаж зөвлөгөө өгөх, санал гомдол сонсох алба
f. Бүх төрлийн засаг захиргааны бичиг баримтын талаарх мэдээллийн заавар
g. Өөрөөс бус шалтгаанаас үүдсэн ажилгүй болох үеийн ажил солих зөвлөмж
h. Бусад дэмжлэгт үйл ажиллагаануудыг ээлж дараалан хэрэгжүүлнэ.
5. Энэхүү визээр анхлан ирж буй иргэн бүр дараа дараагийн хойч үеэ болон МОНГОЛ улсынхаа нэр хүндийг бодож Япон улсад хууль дүрмийн дагуу оршин сууж, хүссэн зорилгоо нэр хүндтэй биелүүлээрэй. Нэр хугарахаар яс хугар гэдэг.
Хүний нутгийн хөрс нь хатуу, салхи нь жиндүү гэдэг.
Уран цэцэн үг сайхан амлалт, бүх зүйл болно бүтнэ, одоо л та явахгүй бол болохгүй бүтэхгүй хоцорно гэх мэт үгэнд итгэн буруу зөрүү сонголт бүү хийгээрэй. Гэр бүлтэй хүмүүс маань эхнэр нөхөр үр хүүхдээсээ 5-н хол байж чадах эсэхээ сайн бодохыг хичээнгүйлэн хүсье. Монголын минь үр хүүхэд элэг бүтэн ээж аавтайгаа хамт байгаасай гэж хүсэж байна.
Гёосэйшоши “Блан” хууль, эрх зүйн компани
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!