Эрдэмд шамдах, гадаад хэлийг сурч эзэмших тухай сургамж/外国語を勉強するコツ

2020-08-04  

Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ удаа Монголынхоо эрдэмт мэргэн өвгөдийнхөө эрдэмд шамдах, тэр тусмаа гадаад хэлийг эзэмшихэд хэрэг болохуйц мэргэн сургаалаас хүргэхээр зорилоо.

  1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна. Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү.
    Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.
  2. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран “норм” хөөж үл болно. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.
  3. Гадаад хэл сурахын гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх шиг байдаг. Чингэвч ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшилтэй сурдаг шиг бололтой. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэлрүүгээн орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ.
    Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус, гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.
  4. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаан ухаанд орохгүй ёстой л “хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийг үлгэр болно.
  5. Гадаад хэлийг сурахдаан орон цагийг хугацалгүй хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.
  6. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.
  7. Нөгөөтэйгүүр мэдэхгүй тулгуурлахгүй хэцүү юмтай учрахад тэгж ч болохгүй юм, ингэж ч түвэгтэй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зориглон чангалаад л яваад байвал аяндаан мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг. Нэгэнтэйгүүр үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөөн өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой.

Өөрөөсөөн илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээн нэг дарж, далавчаан нэг хумьж явах, өөрөөсөөн дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэн бодвол овоо доо яахав хэмээн нуруугаан нэг тэнийлгэж сэтгэлээн нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө.

Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээн сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятгалаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун! Хэдүй чинээ л гадаад хэл сурвал төдүй чинээ ачтайн сайхныг хэлэн ухуулан амтлуулахаан байя гэхэд, багц гадаад хэл сурсны тус ч үлэмж мэдэхүйеэ түвэггүй болой. Ганц үнээ тугаллуулсан айл сүүтэй цай уугаад л байдаг шүү дээ.

Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно.

  1. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаан сайн мэдэх их чухаг. Эх хэлээн сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.
  2. Нэгэнт цаг заран оролдсоны хэрэг сурч буй харь хэлээн сонин буураагүй онгог байхад нь өөрийн сахилгын ташуураар ташуурдан байж, мэргэжлийн ном тольтой үздэг болоод авбал цаашид ахин дэвшин сурахад тань их учир буй. ​Өөрийнхөөн болж байгаа болохгүй байгааг нэгбүрчлэн өөрөөн хянаж өөрийгөөн сургаж сурагтун! Тэрүүхэн доороон зовлон орохгүй жигүүр ургаад бүтэж орхих юм гэж орчлонд үгүй. Оролдоод л явсан хүн их газар хорооно.
    Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй. Б. Ринчин

Хамгийн сүүлийн 10 нийтлэл

2020-10-31
Зарлал/お知らせ

2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!

2020-10-29
Буцах визээр Япон улсад буй иргэдийн анхааралд/帰国準備ビサで在留中のモンゴル人の皆さんへ 重要!!!

2020-10-27
Тусгай үүргийн нислэгээр явах иргэдийн анхааралд/10月28日の特別便で帰国される皆知っている

2020-10-27
Япон улсад их дээд сургууль болон магистер төгссөн, Япон хэлний N1 түвшинтэй бол Токүтэйкацүдо-46 виз горилоно/特定活動46号(日本の大卒者でN1合格者)

2020-10-27
2020 оны 11 сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь/11月に運航予定のミアットモンゴル航空会社特別便について

2020-10-22
Япон улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоон үзүүлэлт ба хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн товч мэдээлэл/在日外国人就労者と就労知識について

2020-10-22
Япон улсын Цагаачлалын албаны албан есний мэдээллийн бас нэгэн холбоос/東京出入国在留管理局の公式アカウントについて

2020-10-22
Корона вирусийн нөлөөтэй холбоотой гадаадын иргэдэд одоо хэрнэ үзүүлэж буй дэмжлэг/新型コロナウイルス感染症の影響に対する外国人及び受入れ機関への支援策①(外国人への支援)

2020-10-21
Япон улсад оршин сууж буй иргэн “Ур чадвартай ажилтан”/Токүтэйгино-1 ангиллын ажиллах виз болгох тухай/在留中の場合取得している在留資格を特定技能ビザに切り替える流れについて

*