Коронавируст халдвар авахгүйн тулд (COVID-19)/新型コロナウイルス予防
Коронавируст халдвар ихэвчлэн ахмад настан, чихрийн шижин өвчтэй иргэд, өндөр даралттай, хавдартай, зүрх судас, бөөр, амьсгалын замын эмгэгтэй болон жирэмсэн эхчүүд зэрэг дархлаа сул болон дархлаа дарангуйлах эм бэлдмэл хэрэглэдэг хүмүүс тусах эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулсан.
Коронавируст халдвар авахгүйн тулд дархлаагаа сайн байлгах чухал болоод байна. Тэгвэл Ер нь хүний дархлаа гэж юу вэ. Дархлаа муудаж, сайжирч байгааг хэрхэн мэдэх вэ?
Энэ талаар Япон улсын Токушима их сургуулийн Геномын институт, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дэргэдэх лабораториудад дархлаа судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалж одоо АШУҮИС-д багшилж буй хүний их эмч, дархлаа судлаач Д.Мандахнаран эмчийн дархлааны талаар бичсэн мэдээллүүдийг нэгтгэн хувь хүний зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.
ДАРХЛААНЫ ЭРХТЭН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ
Хүний биеийн дархлааны эрхтэн тогттолцоо гэж чөмөгт яснуудад байдаг ЧӨМӨГ (хэмт ясны чөмөг хэмээнэ), цээжин дотор өвчүүний цаана талд байх СЭРЭЭ БУЛЧИРХАЙ хэмээх жижиг булчирхай, ДЭЛҮҮ, ГҮЙЛСЭН БУЛЧИРХАЙ (хоолойны мах хэмээнэ) гэх мэт АМЬСГАЛ, ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ДЭЭД ХЭСГИЙН БУЛЧИРХАЙНУУД, АРЬС БОЛОН САЛСТЫН ДАРХЛААНЫ ҮҮРЭГТ ЭДҮҮД (амьсгал, хоол боловсруулах, шээс бэлгийн эрхтэн тогтолцооны салс бүрхэвчүүдэд байх) мөн хүний бүх биеэр таран байрласан олон зуун тооны ТУНГАЛАГЫН ЗАНГИЛААНУУД, ДАРХЛААНЫ ЭСҮҮД бүхлээрээ орно.
Цусны УЛААН ЭС хоол тэжээл зөөвөрлөх, бие махбодоос янз бүрийн хорт зүйлийг зайлуулах зэрэг хамгийн чухал үндсэн үүргийг гүйцэтгэдэг ба тоо хэмжээ нь багадвал цус багадалт хэмээх өвчин үүснэ. ЯЛТАС ЭС нь цус тогтоох, цус алдалтыг очиж наалдан бүлэгнүүлж зогсоох үүрэгтэй.
Харин ЦАГААН ЭС бол ДАРХЛААНЫХ.
Ясны чөмөг нь үндсэндээ цусны бүх эсийг үүсгэгч эх үүсвэр юм. Ясны чөмгөнд үүссэн цагаан эсүүдийн ихэнх нь шууд биед нэвтэрсэн гадны дайсантай байлдах чадвартай “ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН” байлдагчид болж гардаг бол зарим эсүүд илүү нарийн чиглэлийн “ТУСГАЙГИЙН ЭЛИТИЙН ХОРОО” болж хөгжинө. Тэднээс Т лимфоцит хэмээх бүлэг эсүүд цаашдын боловсролоо зөвхөн сэрээ булчирхайд ирж байж авдаг. Харин биеэр нэг тарсан тунгалагийн булчирхайнууд нь хэрэгтэй нөөц хүчийг тухайн хэсэгт дайчлах “ЦЭРГИЙН АНГИ”маягийн үүрэгтэй байна.
ЭРҮҮЛ ХҮНД ЦАГААН ЭС ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ТООНД БАЙДАГ ба ТЭР ТООНООС ХАМААРАН ТУХАЙН ХҮНИЙ ДАРХЛАА ИХЭССЭН ҮҮ БАГАССАН УУ гэдгийг мэдэж болно. Харин шууд нэг өвчин тусаад, ханиад хүрэнгүүт дархлаа чинь суларчихсан байна, дархлаагаа дэмж гэж хэлэх нь маш учир дутагдалтай зүйл юм. Эмч нар дархлаа дутмагшиж байна гэдэг оношийг маш хурдан тавьдаг болсон.
ХҮНИЙ БИЕИЙН ДАРХЛААНЫ ЭРХТЭН ТОГТОЛЦОО НЬ ӨӨРИЙН БИЕИЙГ ӨВЧИН ҮҮСГЭГЧ БИЧИЛ БИЕТНҮҮД, ХОРТ БОДИСУУД болон ЭМГЭГ ТӨЛӨВТ ХУВИРСАН ЭСҮҮДЭЭС ХАМГААЛДАГ. Дээрх зүйлүүд бие махбодод гадаад орчноос нэвтрэх эсвэл бие дотор үүссэн даруйд хүний биеийн ДАРХЛАА ТОГТОЛЦОО тэдгээрийн эсрэг олон үе шаттай нарийн нийлмэл довтолгоог өрнүүлэн устгах бөгөөд үүнийг ерөнхийд нь ДАРХЛААНЫ ХАРИУ УРВАЛ хэмээн нэрлэдэг.
Дэлхий дээр оршин буй асар олон төрлийн бичил биетний маш цөөн хэсэг нь хүний эсүүдээр хооллож, хүний эрүүл мэндийг гэмтээн өвчин үүсгэдэг бөгөөд тэдгээрийг анагаах ухаанд эмгэгтөрөгчид хэмээн нэрлэдэг. Эмгэгтөрөгчдийг хэмжээ болон микробиологийн шинжээр нь жижгээс том руу нь: вирус, бактер (нян), мөөг (-өнцөр), паразит (шимэгч) гэж ангилна.
Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүний биеийг бүрдүүлэгч эсүүд хөгжих, хөгшрөх, үхэх зэрэг хувиралд өртөж байдаг ба эсийн хувиралын хамгийн аюултай хэлбэр нь хорт хавдарын эсэд шилжих явдал юм.
Ханиад хүрээд халуурч эсвэл дараалан хэд давтан ханиад хүрч байна гэдэг дархлааны хамгаалах хариу урвалын процесс явагдаж байгаа юм. Өөр, өөр төрлийн үүсгэгчтэй ханиад туссан болохоор дархлаа тэмцээд устгаад байна гэсэн үг юм. халуурч, нус гоожоод эдгэдэг нь дархлаа муудсаных биш байгалийн процесс. Харин хүүхдийн хувьд тодорхой цагт вакцинжуулалтад хамруулаад явж байх нь чухал юм.
Насанд хүрсэн хүний дархлаа хэвийн, тогтмол хэмжээнд байдаг гэж үздэг.
Ямар нэг цацрагийн хордлогод орох, хорт эм тариа хэрэглэх, ХДХВ-ийн халдвар авах зэрэг эрсдэлт хүчин зүйлүүд нь хүний дархлааны эсүүдийг устгадаг. Үүний нөлөөгөөр дархлааны дутмагшилд ордог хүн бий.
Түүнээс бусдаар бол насанд хүрсэн хүний дархлаа хэвийн хэмжээнд байдаг.
ДАРХЛААГАА МУУТГАХГҮЙ БАЙХ АРГА
Хүн дархлаагаа муутгахгүй байх хамгийн сайн аргууд бол тэнцвэртэй чанартай хооллох, хангалттай унтаж амрах, аль болох дасгал хөдөлгөөн хийх мөн Стрессийг сэтгэлзүй болон дасгал хөдөлгөөнөөр тайлж байх явдал юм.
-Адууны махтай сармистай шөл, аарц, чацаргана дархлаа дэмжих үү? гэж асуудаг ба дархлаа дэмждэг эсэхийг одоогоор нотолсон зүйл байхгүй. Ардын уламжлалт анагаах ухаан дээр суурилсан ажиглалт, таамаглал юм. Гэхдээ буруутгаж бас болохгүй.
Харин дархлаагаа дэмжиж байна гээд төрөл бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг, зөвлөдөг байдал нь маш эрсдэлтэй, аюултай.
Хүний дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол дасгал хөдөлгөөн.
ДАСГАЛ ХИЙСНЭЭР БИЕД АЧААЛАЛ ӨГЧ ЗҮРХНИЙ ЦОХИЛТ, БОДИСЫН СОЛИЛЦОО САЙЖИРЧ ТҮҮНИЙГ ДАГААД ДАРХЛААНЫ ЭСҮҮД ТАТАГДААД ӨСӨӨД ЯВДАГ. Түүнчлэн хорт зуршлаас хол байх ёстой. Тамхи бол олон төрлийн хавдрыг өдөөдөг хүчин зүйл гэдэг нь нотлогдсон зүйл.
Чухал мэдээлэл өгсөн АМJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоондоо баярлалаа.
Хамгийн сүүлийн 10 нийтлэл
2024-06-04
Улаанбаатар хот болон Токио хот хооронд Хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдлаа
2024-03-06
“НОМИН ТАЛСТ” ЯПОНД!
2024-01-10
Япон Улсын Ното хойгийн газар хөдлөлт
2023-12-07
Интертайнмент визний талаар【興行】
2023-11-17
“Япон хүний эхнэр/нөхөр” (日本人の配偶者等) гэх оршин суух зөвшөөрлийн талаар та бүхэнд мэдээлэл хүргэе.
2020-10-31
Зарлал/お知らせ
2020-10-29
Япон улсад ур чадвартай дадлагажигч гаргах тухай товч тайлбар/特定技能についてモンゴルの政府からのお知らせ 重要!!!